Wednesday, December 16, 2009

ЗООС БАНКИНД 100 ТЭРБУМЫГ “БОНД” ГАРГАЖ ӨГНӨ.



Зоос банкийг дампууруулалгүй, төр мэдэлдээ авч үлдсэний төлөө 80-аад тэрбум төгрөгийн зардал гаргах хэрэгтэй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж мэдэгдэж байсан. Гэвч энэ тоо өссөн байна. Төрийн банкны санхүүгийн байдлыг сайжруулахын тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийе, гэхдээ ийм мөнгө байхгүй болохоор ЗГ бонд гаргах замаар энэ мөнгийг босгоё гэсэн саналаа парламентад танилцуулсан. Гэвч Засгийн газрын энэ саналд УИх тийм ч нааштай хандахгүй байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед ЗГ, Монгол банк гишүүдийн шүүмжлэлд дарагдсан. Тухайлбал гишүүн Ганхуяг “төр хадгаламж, харилцахыг батлан даана гэчихээр банкны үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид хариуцлагаа төрд хүлээлгэж, алдагдлаа ч бас төрд үүрүүлчихээд алга болох санаа байгаа юм биш биз гэдгийг хэлсэн. Зоос банкны удирдлага, хувь нийлүүлэгчид гэхэд ямар алдаа гаргасан, Монгол банкинд мэдээллээ буруу өгсөн үү, танил талдаа зээл тараасан уу гэдгийг тэрээр тодруулсан юм. Гэвч Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч тоймтой хариулт өгсөнгүй. Монгол газар гээд нэг компани алтны ганц ордын лиценз барьцаалаад хэдэн арван тэрбумаар нь банк болгоноос зээл аваад байхад түүнийг нь Төв банк мэдэж байсан уу гэдгийг ч бас гишүүн тодрууллаа. Зоос банкны хувьд 2008 оны дундаас их хэмжээний зээл олгосон, энэ оноос эргэн төлөлт нь муудаж эхэлснийг Төв банк мэджээ. Бас Монголын арилжааны банкуудаас зээл авсан арваад компанийн цаана Монгол газар байгааг ч Төв банк тун хожуу, тодруулбал саяхан мэдсэн гэнэ. Аврал эрсэн төрийн банкийг гадаадын баг удирдаж байгаа. Энэ багийг Зоосын хувьцаа эзэмшигч Европын сэргээн босголт хөгжлийн банкны саналаар өмнө нь ажиллуулсан ч тэд Зоосыг аварч чадаагүй. Гэхдээ энэ баг одоо ч нэрээ сольсон Зоос буюу төрийн банкийг удирдаж байгаа. Чухам яагаад хуучин удирдлагыг үргэлжлүүлэн ажиллуулах болсныг гишүүн Даваасүрэн сонирхлоо.
Сангийн яам, Монгол банк Зоосыг төрийн мэдэлд авахдаа УИХ-д танилцуулж асуугаагүй. Тийм болохоор одоо банкаа аварч үлдэх санхүүгийн эх үүсвэрээ ч бас УИХ-аас асуулгүйгээр өөрсдөө олох ёстой гэж гишүүн Сэдванчиг хатуурхсан. Бонд гаргах асуудлыг УИХ хэлэлцэлгүй буцаая гэсэн саналыг тэрээр тавьсан юм. Түүний энэ саналыг байнгын хорооны хуралд оролцож байсан 12 гишүүний тэн хагас нь дэмжсэн. Ингэснээр ЗГ-ын санал унаж, төсөл санаачлагчдаа буцахад хүрсэн. Гэвч хуралдааны ирцэнд бүртгүүлсэн гишүүн Амаржаргал бонд гарга
хыг дэмжихээр саналаа өгсөн байна. Үүнийг зохион байгуулагчид тайлбарласнаар төрийн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн шийдвэрийг төсвийн байнгын хороо гаргалаа.

Байнгын хороо энэ өдөр нийгмийн даатгалын сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, сүүлийн үеийн анхаарал татсан сэдэв ерөнхийлөгчийн хоригийг ч мөн хэлэлцсэн. Өнөөдөр намынхаа нэрээр мэдэгдэл гаргаж, ерөнхийлөгчийн хоригийн дэмжиж байгаагаа мэдэгдсэн гишүүн Оюунаас бусад нь тэрбум төгрөгнөөсөө татгалзах хүсэлгүй байгаагаа илэрхийллээ. Ингэснээр УИх-ын бусад байнгын хороодын адилаар төсвийн байнгын хороо ч ирэх оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

No comments:

Post a Comment